АТАР 60- АГРО ЭКСПО 2019
2019.09.01


Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ удаа Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Экспо Монгол ХХК-тай хамтран газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй дэвшилтэт техник, технологийг танилцуулах, сурталчлах зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд “Атар-60” газар тариалангийн техник, технологи болон шинэ ургацын бүтээгдэхүүний үзэсгэлэнг нийслэл хотноо зохион байгуулж байна. “Тус арга хэмжээний нээлт өнөөдөр /2019.08.31/ болж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид, тариаланчид, иргэд оролцож байна.

 

Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал  хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, судалгаа шинжилгээ эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжөө танилцуулан оролцож байна. Мөн түүнчлэн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг, сүү, зөгийн балын үйлдвэрлэл эрхэлдэг 40 орчим иргэн, хоршоо, аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаж байна.

Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНВУ зэрэг гадаадын компаниуд оролцож байна. Тус үзэсгэлэн нь манай улсын хүн амын олонх нь оршин суудаг нийслэл хотын төв талбайд зохион байгуулагдаж иргэд, хүүхэд, залуучуудад хөдөө аж ахуйн салбарт нэвтэрч буй дэвшилтэт техник технологи, шинэ ургацын шилдэг бүтээгдэхүүнтэй танилцах боломжийг бүрдүүлж өгч байна.

Үзэсгэлэнгийн үеэр мэргэжлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож судалгаа шинжилгээний үр дүн, хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологийг танилцуулж байгаагаас гадна жимс, хүнсний ногооны зохистой хэрэглээ, агро технологийн талаар үзэсгэлэнд оролцогчдод зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулан ажиллаж байна.