Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааны урилгаар Холбооны хүнс, хөдөө аж ахуйн яам/ХХХААЯ/-ны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Йоахим Фухтел тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2019 оны 08 сарын 30-аас 09 сарын 01-ны өдрүүдэд ажиллав.
ХБНГУ нь Европ дахь Монгол Улсын гол түнш улс бөгөөд дээрх яамны санхүүжилтээр Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл /www.dmknl.de/mn/ хэрэгжиж байгаа билээ. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу хэрэгжиж буй энэхүү төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд нь төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хүрээнд таримал ургамлын сорт, үрийн хууль, эрхзүйн орчин, удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, газар тариалангийн үйлдвэрлэлд эрсдлийн менежментийг нэвтрүүлэх, хөрс хамгаалал, хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх сэдвүүдээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх бөгөөд судалгаа, сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах хэлбэрээр хэрэгжиж байна.
Төлөөлөгчдийн айлчлалын гол зорилго нь Монгол Улсад хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай танилцах, мөн хөдөө аж ахуйн чиглэлээр цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцоход байлаа. Айлчлалын хөтөлбөрийн дагуу “Мөнх ногоон тал” ХХК-ийн Төв аймгийн Баянцогт сум дахь хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Тус компани нь хүн амын хүнсний хэрэгцээнд шинэ таримал гүзээлзгэнийг тариалан нийлүүлж байна.
Тус компанийн үйлдвэрлэлийн явц, бүтээгдэхүүнтэй төлөөлөгчид танилцаад импортыг орлох, шинээр нь хэрэглэгчдэд хүргэж буй ач холбогдлыг өндрөөр үнэлж байлаа. Түүнчлэн германы ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай холбоо тогтоож, хамтарч ажиллахад дэмжихээ илэрхийллээ.