“Мөнх ногоон тал” ХХК нь Монголын тариаланч, фермер төвтэй газар тариалангийн шинэчлэл хийхэд зохих хувь нэмэр оруулсан”
2023.09.22


Монгол Улсын хүнсний хангамж ба аюулгүй байдал, хүнсний ногооны аж ахуйд ээлтэй техник, технологийн шийдлийг нэвтрүүлсэн туршлагаас “Мөнх ногоон тал” ХХК-ийн судалгаа, хөгжлийн захирал доктор Б.Батхишиг Agro Expo 2023 үзэсгэлэнгийн үеэр илтгэл хэлэлцүүллээ. Тэрээр “Мөнх ногоон тал” компани нь хүнсний ногооны тариалалт, хүлэмжийн аж ахуйн шинэ дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх замаар нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх, чанартай тоног төхөөрөмжийг өрсөлдөхүйц үнээр ханган нэвтрүүлснээр фермер, тариаланчид  импортыг орлох нарийн ногоог үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлж, газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд 20 жилийн хугацаанд ажилласаныг цохон тэмдэглэсэн.

Түүнчлэн ”Монголд хамгийн том ногоочид ба фермерүүдийн нэгдсэн сүлжээг үүсгэх асуудал цаг хугацаагаар хэмжигдэж ирсэн. Энэ хугацааны туршид үүсч буй аливаа сорилтыг шийдэх, хамтдаа даван туулах олон талын оновчтой арга олох, мэргэжлийн хувьд заавар зөвлөгөөг эрэлхийлж, өөрсдийн ажил үйлчилгээг аажмаар сайжруулах замаар манай ажилчид ур чадвараа тасралтгүй хөгжүүлсээр ирсэн” гэж доктор Б.Батхишигийн илтгэлд цохон тэмдэглэлээ. ХАА-н инновацийг өргөжүүлэх түншлэл, санаачлагуудад оролцох, мөн Монгол улсын хүнс хөдөө аж ахуй ба байгаль орчны салбарын шинжлэх ухаан, инновацийн стратегитай уялдуулах зарчмыг баримтлан, сайн туршлага, чанартай бараа зохистой арга технологи зэрэг шинэлэг шийдлүүдийг “Мөнх ногоон тал” ХХК нь 2003 оноос хойш тасралтгүйгээр нийлүүлж ирсэн нь Монгол орны нийт ногоочид, фермерүүдийн 70 орчим хувьд үйлчилдэг мэргэжлийн байгууллага болоход нөлөөлсөн гэж дүгнэлээ.